Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Өнхрүүш (Орос ардын үлгэр)

2013-02-18 00:30

Өнхрүүш  (Орос ардын үлгэр)

Өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр:
-Эмгээн,  боов хийж өгөөч гэхэд эмгэн нь:
-Гурил байхгүй юугаар хийх билээ дээ гэв.
-Ээ эмгэн минь, авдрын ёроолыг ухвал атга гурил гарна. Савны ёроолыг ухвал шанага гурил гарна гэлээ.
Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанага гурил олоод өрөмтэй сүүгээр зуурч, өнхрүүлж элдэж хийгээд, өтгөн тосонд хайрч өнхрүүш боов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ

Гэтэл өнхрүүш гэнэтхэн хөдлөөд цонхноос тавцан дээр, тавцангаас шалан дээр буугаад, хаалгаар гаран хашаагаар дамжин өнхөрчээ.. 

 

Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдаад:
-Ямар сайхан боов бэ. Одоо чамайг иднэ дээ.

Өнхрүүш:
-Дэлдэн туулай минь намайг бүү идээч. Би чамд дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Дэлдэн туулай чамаас
Дэгдэн зайлж чадна гээд өнхрөн явжээ.

Өнхрүүш замаар өнхөрч явсаар чонотой тааралдав.

 

-Өнхрүүш боов чамайг одоо би иднэ дээ.
-Чоно гуай чоно гуай намайг бүү идээч би танд дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Дэлдэн туулай тааралдахад
Дэгдэн зайлж чадсан

Өлөн чоно чамаас
Өнхрөн зугтаж чадна гээд өнхрөн явтал баавгай тааралджээ.

 

Баавгай:
-Ямар сайхан боов бэ? Яг одоо иднэ дээ.

Өнхрүүш:
-Баавгай ахаа та намайг бүү идээч. Би танд дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Дэлдэн туулай тааралдахад
Дэгдэн зайлж чадсан

Өлөн чоно тааралдахад
Өнхрөн зугтаж чадсан
Майга баавгай чамаас
Магад зугтаж чадна гээд өнхрөн одоход баавгай барааг нь хараад хоцорчээ.

 

үүнийг цаашаа явж байтал зальт шар үнэг тааралдав.
-Амттай сайхан боов байна. Алив одоо идье.
-Үнэг эгч минь намайг идээд яах вэ. Үнэхээр сайхан дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Дэлдэн туулай тааралдахад
Дэгдэн зайлж чадсан

Өлөн чоно тааралдахад
Өнхрөн зугтаж чадсан
Майга баавгай тааралдахад
Магад зугтаж чадсан
Зальт үнэг чамаас
Зайлж бас чадна гээд өнхрөн одох гэтэл зальт шар үнэг:
-Ямар сайхан дуу вэ? Даанч эгч нь нас хөгшрөөд чих хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад ахиад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрүүш онгирон, хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дуугаа дөнгөж дуулж эхэлтэл үнэг түүнийг ганцхан үмхээд идчихжээ.

 

 

 

 

Ангилал : Үлгэр | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (6067) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. zochin :
    2014-09-09 10:27

    goe hiijee amjilt

  2. uba :
    2014-05-07 11:41

    ih saihan bna

  3. зочин :
    2013-05-17 22:29

    goyo bolson bn olon olon ulgervvdiig zurgiin xamt oruulaarai xvvxdvvd maani zurgiig ni vzex durtai shv dee. gariin awlaga bolgon awlaa bayarlalaa.

  4. зочин :
    2013-05-17 22:29

    goyo bolson bn olon olon ulgervvdiig zurgiin xamt oruulaarai xvvxdvvd maani zurgiig ni vzex durtai shv dee. gariin awlaga bolgon awlaa bayarlalaa.

  5. zochin :
    2013-02-18 14:03

    ih goy goy ulgeruud opuuljee. bayrlalaa.

Сэтгэгдэлийн тоо : 5

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл