Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

ХҮҮХДИЙГ ОНЬСОН ТОГЛООМООР ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

2013-02-14 18:53

 

ХҮҮХДИЙГ ОНЬСОН ТОГЛООМООР ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

Нийслэлийн  тэргүүний 86-р цэцэрлэгийн арга зүйч Н. Мягмаржаргал

 

Хураангуй

Багшсургалтаа удирдах явцдаа  суралцагчийг  сурах, мэдэх гэсэн 2 замаар хөтлөдөг бөгөөд тэднийг  хэр их зүйлийг мэддэг вэ? гэдгээс илүү “Юуг яаж” сурч түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж, чадаж байна вэ? гэдэг мөн чанарыг  олж харах нь  чухал.Сургалтын явцад суралцагчдын  өөрсдийн бүтээлчээр олж авсан мэдлэг нь тэдэнд эрэгцүүлэн бодох боломж олгож асуудлыг шийдвэрлэх туршлагыг хуримтлуулдаг. Тиймээс суралцагч бүрийн авьяас сонирхлыг ажиглан хөгжүүлэх боломжидтулгуурлан сургалтынолон хувилбар, хэв шинжбүхийсургах арга зам, төлөвлөлтарга зүйг сонгох нь зүйтэй.Цэцэрлэгийн сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаанд  сургах тоглоомын нэгэн хэлбэр болох оньсон тоглоомыг ашигласнаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн чадвар цогцоороо хөгжих боломж байгааг өөрийн байгууллагад туршсан   ажиглалт судалгаагаар харуулахыг хичээлээ. 

Түлхүүр үг:

Онь: Бяцхан ац, салаа, хоног, юмны ирмэг дээгүүр гарсан сэтэрхий

Оньс гэдэг нь:Түгжээ, хаалга мэтийг түгжих хэрэгслэл, нөгөө талаасаа мөн чанар, оновчтой арга /Огторгуйн гурван тэнхлэгт огтолцон тэнхлэг бүртээ чөлөөтэй гүйж, бие биеэ оньслон түгжих ухааныг хэлнэ/

Асуудал: Шийдвэрлэвэл зохих үйл, ажил, хэрэг, зүйл.

 

Оршил

Өнөө үеийн суралцагчийн хөгжлийн асуудал нь нийгмийн шаардлага, хувь хүний хөгжих сонирхол хэрэгцээнээс үүдэлтэй. Хөгжүүлэх сургалтын хэв шинжээр юмс үзэгдлийг олон талаас нь авч үзэж, ялган салгаж, бүтээлчээр эрж хайх, мэдлэгийг шинэ нөхцөлд бие даан хэрэглэх, чадварт суралцах бөгөөд, танин мэдэхүйн үр дүн нь мэдлэгээ бүтээлчээр хэрэглэдэгт оршино.Өөрөөр хэлбэл боловсрол нь ухаант хүний зорилго, чиглэлтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Сургалтын технилогидарга зүйн  шинэчлэл хийхдээтэр дундаа хүний төлөвшлийн суурь болох сургуулийн өмнөх боловсролоос эхлэн нь  үр өгөөжөө өгнө гэж үзэж байна.

Судалгааны арга:

  • Ярилцлага
  • Ажиглалт
  • Туршилт
  • Математик, статистик
  • Үнэлгээ, дүгнэлтийн аргууд

 

Шинэлэг тал:

Хүүхдийн тал бүрийн  хөгжлийн  боломжид тулгуурлан оньсон тоглоомын арга зүйн хэлбэрийг сонгон авснаар тэд ямар хөгжлийн түвшинд хүрч болох анхны алхам тавигдсныг бодитоор харуулж байгаагаараа шинэлэг болно. 

Сургалтын хэлбэрийг сонгохдоо “Хүн юмыг яаж сурдаг вэ?” гэдэг процессийг санах хэрэгтэй. Энэ нь (диаграмм 1) явуулах гэж буй хичээлийн хэлбэрийн сонголт юм. 

 

“Хүн юмыг яаж сурдаг юм бэ?” гэдгийг  оросын эрдэмтэн П.Я.Гальпер- ний  “Оюуны үйлийг шатлан төлөвшүүлэх” онолоос харж  тайлбарлаж болно. Тэрээр:

1.Тухайн үйлдлийн үлгэр загвартай танилцаж, баримжаалах шат

2. Бодит юмс ба түүнийг орлуулан үйлийг ярьж,  материаллаг үйлдэл хийх  шат буюу гадаад яриа

3. Үйлийг өөртөө  ярьж үйлдэл хийх шат буюу дотоод яриа

4. Оюуны үйлийн мөчлөг гэх мэт үе шатууд байдаг хэмээнтодорхойлжээ.

Хичээлийн технологийн өөрчлөлт гэж ярьж байгаа өнөө үед бид ерөнхийгөөс тусгай уруу нар зөв эргэн, дотроосоо гадагшаа  чиглэсэн үйл ажиллагаатай, сэтгэлгээтэй байж чадвал байнгын хөдлөнг шинжтэй болохын зэрэгцээ, агуулга нь жижиг хэрнээ өргөн хүрээний мэдлэг, чадварыг өгч чадвал хичээлийн заах арга сэтгэлгээ сайжирч жинхэнэ мөн чанараа олох учиртай билээ.

Конструктивизмын онолд тайлбарласнаар “Мэдлэг дамждаггүй, харин бүтээгддэг” гэдгийг ойлгож, хүн өөр өөрийн мэдлэг хүлээн авах чадвартай байдгийг санаж тохирсон арга зүй, хэлбэрийг сонгож чадсанаараа бид дараах өөрчлөлтийн алхмыг хийлээ.

Хүүхдийн суурь хөгжлийн түвшин болох бие бялдрын хөгжил хэдий чинээ сайн байна төдий чинээгээр оюун ухаан, сэтгэхүй, нийгэмшихүйн хандлага, харилцааны  үйлдлүүдийг гүйцэтгэж чадах  чадвар нь илэрч байдаг.

 

Хөдөлгөөний хөгжлийн 3 үндсэн зарчим бий

1. Хүүхдийн хөдөлгөөний хөгжил нь толгойноосоо эхэлж хөлийн хуруу хүртэл гэсэн дарааллаар хөгждөг. Жишээ нь: 

  • Бага насны хүүхэд гар хуруугаа хөдөлгөж чадахаас өмнө хүзүүний булчингаа ажиллуулж толгойгоо хөдөлгөж сурдаг.
  • Явж чадахаасаа өмнө гар хуруугаа хөдөлгөж сурдаг.

2.  Биеийн төв хэсгээсээ эхэлж хөгждөг. Жишээ нь:

  • Хүүхэд биеийн жин, хөдөлгөөний тэнцвэрээ удирдаж чаддаг болсныхоо дараа юмыг гар хуруугаараа авч шидэж чаддаг.

3. Бүх биеэрээ хөдөлж чаддаг болсныхоо дараа бусад нарийн хөдөлгөөнүүдийг хийж чаддаг. Жишээ нь:

  • Хүүхэд 2 гар шууныхаа тусламжтай аливаа зүйлсийг тогтоож чаддаг болсныхоо дараа эрхий, долоовор хуруугаараа бүр жижиг, нарийн эд зүйлсийг тогтоож чаддаг.

 

Судалгааны үр дүн, ач холбогдол

Бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжил гэсэн үндсэн гурван  бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хөгжлийг насаар нь  тодорхойлон авч үзлээ.

Диаграмм 2 

 

Дээрх насны онцлог чадваруудыг үндэслэж 4-6 хүртэл насны бүлгүүдийг  сонгон оньсон тоглоомын төрөл бүрийн хувилбаруудыг зааж сурган эзэмшүүлэх ажлыг өөрийн цэцэрлэгийн 8 бүлгийн 177 хүүхдэд зохион байгуулав.  “Оньсон” тогмоомуудыг хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаагаар  төлөвлөн, арга зүйн боловсруулалт, материалуудыг бэлтгэн, ажиглалт туршилтын аргыг ашиглан үр дүн ач холбогдолыг нь тодорхойлсон. Энгийн оньс, сонгодог оньс гэсэн 2 төрлийн тоглоом  байдгаас энгийн оньсыг сонгосон ба нийт 24 тоглоомыг авсан.

Хүснэгт №1 

 

Нас

Тоглоомын нэр

4 хүртэл нас:

 

  • Борх 1 /Өнгөт/
  • Эв долоо
  • Чагт
  • Жирэм сүлжих

5 хүртэл нас:

 

  • Борх 1 /өнгөгүй/
  • Чагтаа
  • Тохош 1,2
  •  Тээг
  • Сэнтий
  • Уях сүлжих наадам
  • Пирамид
  • Мэлхий
  • Долоодой
  • Ланз 
  • Зургаа мод

6 хүртэл нас:

 

  • Гогдоо наадам
  • Гурамсан
  • Дэгээ
  •  Ланз
  • Унага услах
  • Хавчаахай
  • Шооны нэг тал эвлүүлэх /Могой, рубик, модон шоо/
  • Тээг
  • 12 жил эвлүүлэх
  • Яст мэлхий эвлүүлэх

 

 

 

 

Хүүхдэд заахын тулд багш, туслах багш, бид өөрсдөө ном гарын авлага, тоглоомоо эрж хайх, цуглуулах, тоглоом наадгайныхаа нэр, төрөл ангилал, тоглох арга зүйд эхлэн суралцсан. Хүүхдэд зааж тоглуулах арга зүйгээ боловсруулан бэлтгэж, сургалтын төлөвлөлтөнд тусгах ажлуудыг хийсэн нь хүүхдийг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн юм.

         Хүүхдийн хөгжлийг үнэлэхдээ хэн хурдан хийсэн бэ? гэхээсээ илүү хэн олон тоглоомоор тоглож чадаж байна вэ? гэдгийг харгалзан үзсэн нь олон хүүхдийг хамарсан чанартай үнэлгээ болсон. Ингээд хүүхэд хөгжсөн үр дүнг харуулбал: 

 

 

 

Оньсон тоглоомыг зааж сургасны үр дүнд хүүхдүүд дараах  чадваруудад  суралцан  хөгжиж чадсан байна. Үүнд:

Бие бялдрын хөгжлийн хувьд:

  • Тэсвэр хатуужил, авхаалж самбаа нь хөгжсөн. 
  • Гар хуруу, хараа зохиолдлогооны  баримжаалал нь сайжирсан.
  • Түгжих, гаргах,  эргүүлэх, шургуулах, эвлүүлж угсардаг /жижиг булчин/  болсон.
  • Янз бүрийн уралдаан тэмцээнд орж тоглох чадвар эзэмшсэн.

Оюун ухааны хөгжлийн хувьд:

  • Хүртэхүй, сэтгэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодохуй, хэл яриа гэх мэт танин мэдэхүйн процесс хөгжсөн.
  • Ажиглах, турших, дарааллыг тогтоож  нүдлэсэн.
  • Зааврын дагуу хамтарч ажиллах чадвар төлөвшсөн.
  • Математик сэтгэлгээ /Өнгө хэлбэр дүрс, тоог  танина/  хөгжсөн.
  • Хэд хэдэн тоглоомоор олон үйлдэл хийж тоглодог болсон.
  • Уламжлалт тоглооомын нэр төрлийг мэддэг болсон.
  • Бүтээлч үйлд суралцсан.

Нийгэмшихүйн хөгжлийн хувьд:  

  • Дүрэм зааврыг ойлгож тоглодог болсон.
  • Тоглоомыг хайрцаг тавиур саванд хийж хураах чадвартай болсон. 
  • Үйлдлээ хянадаг болсон.
  • Өөрийгөө үнэлэх чадвартай болсон.
  • Өөртөө итгэдэг болсон.
  • Хамтарч тоглох, багийн үйл ажиллагаанд суралцсан.
  •  Уламжлалт соёл, зан заншлыг мэдсэн.
  • Насанд хүрэгчдээс тусламж хүсч, өөрийгөө илэрхийлдэг болсон.
  • Асуудлыг хамтран шийдвэрлэдэг болсон.
  •  Аливаа ажил үйл даалгаврыг бүрэн гүйцэтгэлтэй хийж чаддаг болсон.
  • Эцэг эх насанд хүрэгчидтэй аль ч нөхцөлд хамтран тоглодог болсон.
  • Зорилго чиглэлтэй, тууштай хандах хандлага төлөвшиж чадсан.
  • Хөдөлмөрийн хүмүүжил олсон.

Дүгнэлт

Ийнхүү оньсон тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх арга зүйг судалж туршиж үзсэнээр дараах шийдлүүдийг олсон болно.

  1. Хамгийн чухал үр дүн нь хүүхэд хөгжсөн. /Жижиг агуулгаар олон талын хөгжлийг олгосон/
  2. Нэг тоглоом дээр хүүхэдтэй ажиллах давтамжийг олон цагаар /хувилбарууд нь өөр өөр/ оруулж өгснөөр багшийн бичиж боловсруулах ажил мэдэгдэхүйц багассан. /Урьд нь хөгжүүлэх үйл ажиллагаа болгон дээр шинэ аргачлал төлөвлөлт бичиж, давталтын тоо буюу цаг байхгүй байв./
  3. Сэдэвт баригдахгүйгээр сонголтыг хийснээр хүүхдэд олон талын хөгжлийг нэгэн зэрэг олгох  боломж бүрдсэн.
  4. Насны онцлог болоод тухайн насанд хийж чадах чадваруудад тулгуурласан агуулгыг сонгож чадвал үр дүнд хүрдэг нь харагдлаа.
  5. Сургалтын хэрэглэгдэхүүний нэр төрөл  хувилбарууд эрс олширсон.
  6. Эцэг эхийн хандлагад нөлөөлсөн зэрэг давуу талууд байна.

 

 

Хавсралт

Дунд бүлэг /4 хүртэл нас/

 

Өнгөт борх1                                                  Тоглоомыг салгах хэсэг

 

Тоглоомыг эвлүүлэх өнгийн дарааллаар нь байрлуулж угсарч байгаа нь

 

Нэр:  Өнгөт борх 1

Зорилго:

  • Өнгийг танин мэднэ.
  • Угсрах, эвлүүлэх, салгах, түгжих зэрэг үйлийг хийнэ.
  • Анхаарал, ой тогтоолт, хэл яриа хөгжинө.
  • Тэсвэр, хатуужил, хөдөлмөрийн хүмүүжил олно.

 Арга: Үзүүлэн таниулах,тайлбарлаж ажиглуулах

Хэрэглэгдэхүүн: Өнгөт борх 1 хүүхдийн тоогоор

Аргачлал: 2 ижил 1 сондгой  3 ширхэг модноос бүтнэ.

1. Дундаа нүхтэй шар өнгөт модыг хэвтээгээр нь барина.

2. Ногоон өнгөт модыг авч, шар өнгөт мод уруу шургуулж оруулна.

3. Үлдсэн улаан өнгөт модны задгай талыг доош  харуулан шар өнгөт модны хоногт оруулж хоёрдахь ногоон өнгөт модыг доош татаж түгжихэд өнгөт борх угсардсан байна. 

 

 

Эв долоо

Зорилго:

  •  Эв долоогоор загвар зургийг харж бүтээнэ.
  •  Өнгө, дүрсийг танина.
  •  Хэл яриа, анхаарал,хүртэхүй, зохион бодохуй хөгжинө.
  •   Дүрсүүдийг дарааллаар нь хайрцагт хийж хураана.

Арга: Үзүүлэн таниулах, ганцаарчилан ажиллах, харилцан яриа

Хэрэглэгдэхүүн: Эв долоо, загвар зургууд

Аргачлал:

1. Хамгийн жижиг  гурвалжин дүрсийг тавина.

2. Том хоёр гурвалжин дүрсээ авч тэгш талаар нь нийлүүлж доор нь тавина.

3. Дундын хэмжээтэй гурвалжин дүрсийг байрлуулна.             

4. Жижиг ромбыг  хөндлөн байрлуулж тавина.

5. Дахин нэг үлдсэн жижиг гурвалжин дүрсээ зэрэгцүүлэн тавина.

6. Доод талд нь дөрвөлжин дүрсээ  байрлуулж тавихад гацуур мод бэлэн болно.

   

 

 

Ахлах /5 хүртэл нас/

Тоглоомын нэр: Чагтаа

Зорилго:

  • Анхаарал, ой тогтоолт хөгжинө.
  • Эргүүлэх, түгжих, түлхэх  үйлийг хийнэ.
  •  Гарын жижиг булчинг хөгжүүлнэ.

Аргачлал:

 Нар зөв хуруугаараа эргүүлэхэд хоёр мод түгжээнээсээ сална.

Хоёр модны ховилд буй гүйдэг түгжээг гараараа түлхэж оруулж огтолцуулан тавиад хөдөлгөхөд эргэж түгжигдэнэ.

 

Төмрөөр хийгдсэн оньсон тоглоомын төрлүүд

  •  Эргүүлэг, тохош, дэгээ, хавчаахай,     

 Тоглоомын нэр: Пирамид

Зорилго:

  • Гарын нарийн үйл оролцсон чимхэх, барих, өрөх, зэрэгт сургана.
  • Анхаарал, ой тогтоолт, сэтгэхүйг хөгжүүлнэ.
  • Тэсвэр, хатуужил төлөвшинө. 

 

 

 Бэлтгэл /6 хүртэл нас/

 

 

                                 Шооны нэг талыг эвлүүлэх 

 

 

 

Ланз тоглоом 

 

 

Зургаан мод                                                                                     Борх 2

 

 

 

                                                                             Сэнтий тоглоом

 

                                                                                  Унага услах

 

 

                                                                    Яст мэлхий, 12 жил эвлүүлэх 

 

 

Багш нар өөрсдөө эхлэн суралцсан үйл явцаас 

 

 

Тоглоом наадгайгаа бэлтгэн цуглуулж арвин их сантай болов. 

 

 

Ном зүй

1.     Ч.Пүрэвдорж.,”Багшлахуйн менежмент”.,  Мөнхийн үсэг групп., УБ-2010  

2.     Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын зөвлөмж  УБ-хот 2012он

3.     МоУБИС, Удирдахуйн ухааны тэнхэм.,  “Боловсролын шинэчлэлийн асуудлууд” сэдэвт лекц,семинарын тэмдэглэлүүд

4.   Я. Цэвэл., “Монгол хэлний товч тайлбар толь”.,  БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн УБ-1963 он  

 

Зарим үгүүдийн тайлбар:

  • Онь-Бяцхан ац, салаа, хоног, юмны ирмэг дээгүүр гарсан сэтэрхий
  • Хүснэгт-Мэдээ тоо зэргийг жагсааж бичихэд зориулсан шугам, зураас хүснэгт., х749
  • Диаграмм -Жишиг зураг., х194   
  • Хэлбэр -Дүр дүрс, үзэгдэх байдал төлөв, утга агуулга аргын нэгдэл., х758
  • Төрөл- Гарал үүсэл нэг буюу ойр зүйл.,  х552

 

Зохиогчийн тухай

Наянтайн Мягмаржаргал  2000 - 2004 онд МУБИС  СӨБК-ыг Цэцэрлэгийн багш арга зүйч мэргэжлээр “Бакалавр” зэрэгтэй төгссөн.  Боловсролын салбарт 9 дэх жилдээ  ажиллаж байна. Боловсрол судлалын магистрант

  • 2005, 2006, 2008 оны Баянгол дүүргийн сурган хүмүүжүүлэх уншлага, илтгэлийн аварга
  • ü  2008 оны Нийслэлийн сурган хүмүүжүүлэх илтгэлийн 2-р байранд шалгарч улсын уралдаанд амжилттай оролцсон.
  • ü  2009 онд “Хамтдаа хөгжицгөөе” шилдэг илтгэлийн номыг бусдын хамт хэвлүүлж олны хүртээл болгосон амжилтуудтай.
  • 2012 онд НБГ, СӨБ-ын дэвшилтэд арга зүйн төвтэй хамтрсан “Ээлжит хичээлийн технологийн шинэчлэл” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаанд 2-р байр эзэлсэн.

 

 

 

 

 

 

Like | Ангилал : Илтгэл | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (5781) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Саруултуяа :
    2013-10-28 12:37

    амжилт хүсье

  2. akjlkmv;d :
    2013-10-22 23:20

    amjilt

  3. P.Bolortuya :
    2013-05-04 23:04

    Арга зүйч Мягмаржаргалас сурах зүйл их бий шүү. Эрч хүчний тань араас урагшаа алханаа.

  4. munkhtsetseg :
    2013-04-21 22:06

    amjilt husii

  5. E.ARIUNJARGAL :
    2013-04-02 13:33

    Bayar hur.e.Ajliin amjilt.Miigaa chi shuu.

  6. Bat :
    2013-03-08 02:23

    Amjilt husye. ihiig hiij buteegeerei.

  7. kora :
    2013-02-18 21:22

    amjilt husie chadvartai baina.iltgel bicheh talaar sain zuvluj uguuch.

  8. enhtsetseg :
    2013-02-18 14:14

    aviyastai. chdvrtai bagsh ble shu. ulam ih amjilt husey

Сэтгэгдэлийн тоо : 8

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл