Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах - үзэл баримтлал

2016-02-16 23:08

Орчуулсан: Н.Норжхорлоо

Эх сурвалж: Buuvei.mn

 

 Дүрэм журмын оронд ерөнхий хүрээ

 

Цэцэрлэг харахаас л өөр өөрөөр ажиллаж байгаа нь анзаарагдвал тэд нөхцөл байдалд тургуурлан ажиллах үзэл баримтлалыг баримтлан ажиллаж байгаа болно. Яагаад ийнхүү бие биеээс ялгаатайгаар ажиллах боломжтой вэ гэвэл тухайн цэцэрлэг тогтоосон дүрэм журмаар биш, харин  багш нар нь тухайн үеийн нөхцөл байдлыг цэгнэн үзэж, түүнийгээ харгалзан үйл ажиллагаагаа явуулдагт оршино. Тухайлбал, нүүдэллэн ирж суурьшиж буй (гадаадаас цагаачид олон ирдэг) орон нутагт амьдарч буй хүүхэд тус бүрийн болон гэр бүлийнх нь амьдралын нөхцөл байдал, тэдний эрэлт хэрэгцээ, үүсгэн байгуулагч нь юуг үнэт зүйлс хэмээн чухалчлан үздэг, байгууллагын өрөө тасалгаануудын бодит боломж гэх мэт олон хүчин зүйлсийг харгалзан үздэг. Янз бүрийн соёл иргэншилтэй хүмүүс цугларан суурьшсан, ажилгүйдэл ихтэй зэрэг нийгмийн асуудал нь буцалж буй аль нэг том хотын цэцэрлэгийн сургалтын ажилд тавигдах шаардлага нь хотын шинээр байгуулагдсан дүүрэгт боловсрол өндөртэй гэр бүлүүдийн хүүхэд явдаг цэцэрлэг эсвэл хөдөөгийн цэцэрлэгийнхээс эрс ялгаатай байх нь мэдээж. Энэ нь нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалыг барьж, тодорхой зорилго (бие даасан байдал, эв нэгдэл, чадавх), тодорхой арга (нээлттэй төлөвлөлт, холимог бүлэг, гадагшаа болон дотогшоо нээлттэй байх, оролцоо)-ыг тусгасан сурган хүмүүжүүлэх ерөнхий хүрээнд ажилласнаар хэрэгжинэ. Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалыг барин ажиллаж буй цэцэрлэг бүр өөрийнхөө сургалтын ажлаа энэхүү хүрээний дотор зохион байгуулж, үр дүнгээ үнэлнэ. Гэхдээ байгууллагууд өөрсдөө энэ хүрээг өргөжүүлэн томъёолж, илүү тодорхой болгож болно. 

 

Хэрхэн үүссэн бэ?

 

Энэ нь 1970-аад онд бий болсон гурван янзын сурган хүмүүжүүлэх урсгалын хоорондын зөрчил маргаанаас үүссэн: а) хүүхдийг “зэмлэж сануулах“, “зав зайгүй байлгах“ аястай цэцэрлэгийн уламжлалт сургалт, б) шинэчлэлд чиглэсэн үзэл бариимтлал, гэхдээ өнөөгийн бидний харж байгаагаар хэтэрхий сургуульчилсан, хүүхдийн оюун ухааны хөгжилд анхаарсан, жишээлбэл, эрт уншуулж сургахад чиглэсэн хөтөлбөр гэх мэт  в) сэтгэцийн задлан шинжлэлийн онолд суурилсан “хүүхдийн мухлаг” хөдөлгөөн (Тайлбар: ХБНГУ-д 1960-аад оны сүүлчээс улсын цэцэрлэгийн үйл ажиллагаа сэтгэлд нь нийцэхгүй байсан эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар хувийн цэцэрлэгүүдийг олноор байгуулж эхэлсэн. Эдгээр нь дэлгүүр/мухлагт голдуу байгуулагдаж байсан тул ийнхүү нэрлэгдэх болжээ)   

 

 Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал үүсэн бий болоход дараах санаанууд нөлөөлсөн.

- Бразилын сурган хүмүүжүүлэгч Пауло Фрайре (Paulo Freire) – 1921-1997. Тэрбээр ядуучуудыг бичиг үсэгт сургахдаа тэдний амьдралд хамгийн хэрэгтэй үгсээр нь  дамжуулан сургаж байсан.  Түүний  ажлын эхлэлийн цэг нь хүмүүсийн тулгамдсан асуудал, сонирхол байсан бөгөөд тэдний тухайн үеийн нийгмийн байдлыг эсэргүүцсэн эсэргүүцэлтэй уншуулж, бичүүлж сургах ажлаа холбож өгч байсан. 

- Боловсрол судлалын эрдэмтэн Саул Робинсон (Saul Robinsohn)-ны сургалтын хөтөлбөрийн онол. Робинсон аль ч түвшний сургалтын хөтөлбөрийн агуулга тухайн нийгмийн бодит байдлыг тусгах ёстой гэж үзэж байв. Тэрбээр боловсрол гэдэг нь ажил, амьдралын янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд хүнд хэрэг болдог зүйл гээд иймээс амьдралын үйл явц бол суралцах үйлийн гарааны шугам юм гэж байв.

Америкийн сурган хүмүүжүүлэгч Жон Дэвий (John Dewey)–1859-1952 болон английн Хенри Моррийс (Henry Morries)-ийн санаа. Дэвий амьдралд ойр байх мөн суралцагч нэг бүрийн болон нийгмийн эрэлт хэрэгцээ бол сурган хүмүүжүүлэх ажилд мөрдөх гол шиг шугам юм гээд сургуульд тус тусдаа явагдах хичээлүүдийн оронд төсөлт ажлын арга үр дүнтэй гэж үзэж байсан. Моррийс хамт олонд суурилсан боловсрол  (community education/хүсэлт: энэ үгийн оновчтой орчуулгыг хэлж өгч туслах хүн байвал баярлах болно)-ыг үүсгэн санаачилсан бөгөөд 1930-аад оны үед амьдрал ба суралцахуй бол харилцан хамааралтай нэг зүйл гэж авч үзэхийг хичээж байв.

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах ажиллагаа нь хөгжлийнхөө явцад анх бий болсон цэцэрлэгийн сургалтын өөрчлөлт шинэчлэлтэй нягт холбоотой явсаар ирсэн. Одоо ч гэсэн сүүлийн үеийн  хэлэлцүүлэгүүдэд нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь хүчирхэгээ харуулсаар байгаа: Бие даасан байдал, хамтран ажиллах чадвар, хүүхэд өөрийнхөө арга замаар аливааг эзэмших чадваруудыг мэдлэгт тулгуурласан өнөөгийн нийгэмд амжилттай зохицон явахад шаардагдах үндсэн чадавх гэж үзэж байна. Үүгээрээ нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь боловсролд илэрхий эрэлт хэрэгцээтэй байгаа юм.  

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь

 боловсролд илэрхий эрэлт хэрэгцээтэй байна.

Энэ үзэл баримтлалыг баримтлахдаа ямар ч хамаагүй агуулгаар ажиллана гэсэн үг биш. “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” гэдэг ухагдахууныг нарийн ойлгоогүйгээс практик дээр өөр өөрийнхөөрөө бодож, буруугаар хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг. “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” гэдэг нь хүүхэдтэй харилцаж байх явцад тэднээс тохиолдлоор аяндаа гарч ирж буй эрэлт хэрэгцээ, сонирхлыг тусган ажиллана гэсэн үг. Гэхдээ “нөхцөл байдалд тулгуурлан ажиллах”-ад хүүхдийн эрэлт хэрэгцээ гэдгийг сэтгэл зүйн үүднээс тэдний хөгжлийн эрэлт хэрэгцээг авч үзнэ үү гэхээс биш тохиолдлоор гарч ирж байдаг бүхий л хүсэлтэй нь адилтган үзэж болохгүй юм. 

 

“Нөхцөл байдал” гэсэн ухагдахууны тухай

 

“Нөхцөл байдал” гэсэн ерөнхий ухагдахуунаас болоод ойлголтын зөрүү бишгүй гардаг. Хүмүүжүүлэгч багш өдөр тутам хүүхдүүд янз бүрийн үйл явц, нөхцөл байдалд байгааг хардаг: Энд нэг нь ус, элстэй хутгалдан суухад, тэнд хоёр нь муудалцаж байна, гэтэл бас нэг хүүхэд хагас бүтэн сайн өдрүүдэд юу болсныг ярина. Ихэнхийг нь багш сонсож мэдээд өнгөрнө, харин заримд нь өөрийн эрхгүй оролцоно. Энэ явцад багш том, жижиг аль нэг төсөлт ажил болгон ажиллахад энэ л хүүхдэд тун ач холбогдолтой юм байна гэдгийг анзаарах, сонгох чадвартай байна.  Энэхүү ач холбогдол бүхий үйл явц (түлхүүр үйл явц)-аас хүүхдэд чухам юу хэрэгтэй байгааг багш мэдэрч, олж харна, түүнээсээ сургалтын чухал хэрэгцээт агуулгуудыг сэдэж гаргаж ирнэ. Тэрхүү агуулга дээр ажиллах явцад хүүхэд өөрийнхөө өдөр тутмын амьдралыг идэвхтэйгээр зохицуулах туршлага хуримтлуулж, мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ, энэ нь тэд ирээдүйд ажил, амьдралаа авч явах чадвартай болоход хувь нэмэр оруулна.    

Тэгэхээр “түлхүүр үйл явц” бол нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үйл ажиллагааны эхлэлийн цэг юм. Аль нь чухам  “түлхүүр үйл явц” вэ гэдгийг сонгоход шийдвэрлэх хүчин зүйл бол хүүхэд аливааг ойлгох, хамтран хийж бүтээх, өөрчилж үзэх боломжтой байхад оршино.  

 

Хүүхэд гэж хэн бэ?

 

Бусад үзэл баримтлалуудын адилаар “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлалын өөрийн гэсэн санаа-зорилго нь хүүхдийг хэрхэн харж байгаа (Image of the Child) дээр суурилдаг. Энэхүү үзэл баримтлал нь хүүхэд бол төрөхдөө л ихээхэн чадвар, чадавхыг агуулсан байдаг гэсэн нялх болон сургуулийн өмнөх насны хүүхдийн судалгааны сүүлийн үеийн нээлтэд тулгуурласан байдаг. Тэд “өөрийнхөө хөгжлийг өөрөө зохицуулах, өдөр тутмын үйл явцад идэвхтэй байр суурь эзлэн оролцох боломжтой” (Zimmer, 1998). Энэ явцад хүүхэд анхнаасаа л бие даах хандлагатай байх ба тэр нь яваандаа улам төгөлдөрждөг.

Хүүхэд бол “өөрийнхөө хөгжлийн удирдагч”. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: Хэрэв хүүхэд эрүүл, ямар нэг хөгжлийн бэрхшээлгүй бол өөрийнхөө зөнгөөр орчинтойгоо харилцдаг бөгөөд, хэрэв гаднаас тавигдаж буй шаардлага зохистой бус төвөгтэй байна гэж мэдэрвэл өөрийнхөө үйлдлээ зогсоодог. Тэд өөрийг нь өдөөж буй тойрон хүрээлж буй орчинтойгоо идэвхтэй харилцаж, ямагт сайжирч байдаг чадварынхаа тусламжтайгаар хорвоо ертөнцтэй өөрөө танилцсаар байдаг.

Хэрэв хүүхэд орчиндоо итгэлтэй байвал тэд таатай, сэтгэл санаа ханамжтай байна.  Ийм байдлаар нялх хүүхэд ч бусадтай холбоо тогтоох, эсэхээ өөрөө шийддэг. Энэ нь хүүхэд төрөхөөсөө л эхлэн өөрөө бие даан орших зохих чадвартай байх бөгөөд энэ нь нас ахих тутам сайжирдаг гэсэн үг. Тэгэхээр цэцэрлэгт хүүхдэд бусадтай холбоо харилцаа тогтоох, түүнийгээ туршиж үзэх олон талын боломж олгох нь ихээхэн ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор хүүхдэд чадвар эзэмших, насандаа тохирсон шийдвэрийг чөлөөтэй гаргах боломжуудыг бүрдүүлэх ойр дотны хүн болон зориудаар бий болгосон орчин шаардагддаг.

Үндсэн зорилго

 

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын гол зорилгыг сурган хүмүүжүүлэгч Юурген Циммер (Juergen Zimmer) “нийгмийн гарал үүсэл нь янз бүр, мөн мэдлэг, чадвараараа харилцан адилгүй хүүхдүүдтэй ажиллахдаа тэд өнөөгийн болон ирээдүйн амьдралын үйл явцад аль болохоор бие даан орших, эв нэгдэлтэй байх, чадавхжих нөхцөлийг бүрдүүлэн тэднийг хөгжүүлэхэд оршино” гэжээ. Энд “бие даан орших” гэдгийг хүүхдийн хувийн чанарыг хүндэтгэн өөрийнх нь өвөрмөц онцлогийг батжуулах гэсэн санаагаар хэрэглэдэг. Үүнд хүүхэд оролцогч, хамтран шийдвэрлэгч байхыг мөн шаардана. Ингэснээрээ тэд өөрийнхөө чадвар, хүчтэй-сайн талыг илүү мэдэрч, үнэлж сурна.

 Аливаа хүүхэд бусдын дэмжлэг, туслалцааны нөлөөнд өсөн өндийдөг, нөгөөтэйгүүр бидний сэтгэл санаа, хийж буй үйлс ямагт хамтдаа амьдарч буй бусдынхаа төлөө байдаг тул цэцэрлэгт явагддаг бүхий л үйл ажиллагаа  орчин тойрноосоо ангид байдаггүй. Үүнээс нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын хоёрдахь зорилго болох эв нэгдэл гэсэн ухагдахуун урган гардаг. Үүнд хамтдаа байх, хамтран амьдрахын ач тус, түүнээс хүүхэд  (хүн) бүрт үзүүлэх нөлөө зэрэг ойлголтууд хамрагдана.

Хүүхдийг чадавхжуулах нь сурган хүмүүжүүлэх үүднээс харсан нэгэн ойлголт бөгөөд гурав дахь зорилго нь. Энэ нь хүүхдийг аливаа зүйл, үйлд хариуцлагатайгаар хандаж, зохицуулах чадвартай болгоно гэсэн үг. Үүнд тодорхой мэдлэг шаардагдана. Энэ мэдлэгийг яаж эзэмшүүлэх вэ гэвэл, салангид хичээлүүд/сургалтын агуулгаар бус харин бодит амьдрал, түүний учир шалтгааны холбоон дунд эзэмшүүлнэ. Хүүхдэд мэдлэгийг хийсвэрээр эзэмшүүлэх бус олсон мэдлэгээ хүүхэд бүр өөрийн бодит амьдралтай холбосон нөхцөлд л “хувь хүний чадавх” бүрэлдэн тогтдог. Үүнээс үзэхэд мэдлэг гэдэг нь баримт, мэдээллийг хүүхдэд дамжуулж ойлгуулахаас өргөн хүрээтэй зүйл юм.  “Мэдлэг гэдэг бол хүүхдийн аливааг сэргээн санаж буй ул мөрүүд, хэвшил дадал, эргэлзээ, нээлттэй асуултууд, ухаалаг зөвлөгөө. Түүнчлэн ‘энэ надад сонирхолтой биш байна аа’ гэдгийг хүүхэд ялган салгаж  илэрхийлдэг чадвар. Мэдлэг бол ямар нэг зүйлийн талаар их ярьж чаддагт биш, хийж чаддагт оршино” (Elschenbroich, 2001). Чадавх эзэмшинэ гэдэгт тэгэхээр “би” хэмээн өөрийгөө ойлгох, орчиндоо зохицон бусадтай харилцах, аливаа зүйлийн учрыг олох чадварууд хамрагдана. Эдгээрийг бие биесээс салангид бус нэгдмэл нэг зүйл хэмээн харж, зорилго болгоно. 

 

Сургалт ямар дүр төрхтэй байх вэ?

 

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалд суурилсан сургалт ямар дүр төрхтэй байх нь хүүхдийг хэрхэн харж байгаагаар тодорхойлогдоно: Суралцахуй гэдэг бол хүүхэд өөрөө шийдэж, өөрөө идэвхтэйгээр оролдож, туршиж, нээлт хийх үйл явц. “Хүүхэд хорвоо ертөнцтэй урьд нь мэддэг юм шиг бус, цоо шинээр олж харж, нээж танилцах ёстой”. Суралцахуйн тухай энэхүү ойлголт зөв болохыг үйлийн сэдлийг судалдаг сэтгэл судлаачид нотолсон байдаг. Тэд судалгаагаараа хүүхэд (томчууд ч гэсэн) гаднаас зориудаар бус өөрийнхөө сэдэл эрмэлзлэлээр оролдож оролцсон тохиолдолд ямагт  илүү амжилттай суралцдагийг нотолж харуулсан. Ийм нөхцөлд хүүхэд амжилттай суралцагч байж, мөн  өөрийнхөө суралцах стратегийг бий болгодог. Энэ бол маш чухал зүйл.  Яагаад гэвэл өнөөгийн бидний амьдарч буй мэдлэгт суурилсан нийгэмд хувь хүний насан туршийн суралцахуй бол боловсролын түлхүүр ойлголт болж байна.

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын дагуу явагдах сургалт бол хүүхэд ямар нэг зүйлийг авч хоцрохуйц учир шалтгаант холбоо бүхий үйл явцын дунд явагддаг. Энэ нь хүүхэд өдөр тутмын амьдралын ямар нэг асуудалтай тулгарч, түүнийг сонирхох эсвэл учраа олохгүй зогсоно гэсэн үг. Энд ямар нэг ойлголт, ухагдахуун эсвэл тоог салангидаар зааж сургах бус орчных нь нийгмийн үйл явц дунд аливаа зүйлийн учрыг олох асуудал нэн тэргүүнд тавигдана. Өөрөөр хэлбэл амьдралд суралцах явцад хүүхдийн оюун ухаан нь тэлнэ. Өдөр тутам орчинтойгоо харилцах явцад хүүхдийн мэдлэг, чадвар нэмэгдэнэ. Гэхдээ хүүхэд ямар үйлд оролцох, түүнд хүүхдэд нөлөөлөх юу агуулагдаж байгаа, тэд судалж нээх боломж ямар байна гэдгийг авч үзэх нь чухал.

 

“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал

 

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь дараах шалгууруудыг чухалчлан үздэг.

Чухал шалгуурууд

Амьдралтай холбоотой байх

Сургалтын агуулга нь хүүхдийн амьдралын тодорхой үйл явцтай холбоотой байна. Энэ нь багш нар, эцэг эхчүүд хүүхдийн өдөр тутмын амьдрал, онцлог үйл явдалд байнга анализ хийж, түүнээсээ сургалтын агуулгыг ургуулан гаргаж ирнэ гэсэн үг. Үүнд хүүхдийн нийгмийн гарлыг ч харгалзан үзнэ. Ийнхүү хүүхдийн амьдралын бүхий л ертөнцийг авч үздэг гэж болно.

Холимог бүлэг

Насаараа адилгүй хүүхдүүд (жишээлбэл, 3-6, 0-6, 3-10 нас) нэг ангид хамтдаа байхад тэдэнд ямагт янз бүрийн үүрэг гүйцэтгэх боломж олддог.

Холимог бүлэг нь хүүхдэд тал бүрийн туршлага хуримтлуулах боломж олгодог.

Томчууд нь бага насныхандаа зааж сургах явцдаа өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ туршиж үзнэ, багачуул нь томчуудаасаа янз бүрийн арга замаар суралцана. Үеийнхээ болон өөр насныхантай хамтрах, зөрчилдөх зэргээр харилцах явцдаа хүүхэд өөрийнхөө  хэн болох дүр төрхийг бүтээж бий болгодог.

Гадагшаа нээлттэй байх

Нөхцөл байдалд тулгуурлан ажилладаг байгууллага бүр эцэг эх болон бусад томчуудын оролцоог ихээхэн сонирхдог. Хүүхдийнхээ мөн түүний гэр бүлийн амьдралын нөхцөл байдлыг мэдэж түүнд нь зохицон ажиллахад ганц удаа зуны баярыг хамтаараа тэмдэглэх хангалтгүй бөгөөд эцэг эхтэй өдөр тутам ойр дотно ажиллах шаардлага тулгардаг. Эцэг эхтэй хамтран ажиллахаас гадна “гадагшаа нээлттэй байна” гэдэгт бусад хүмүүсийн оролцоо мөн хамрагдана. Жишээлбэл, хүүхдүүдтэй ажиллах боломжтой хөршийнх нь мужаан, өөр төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс гэх мэт. Хүүхдийн ойрын орчноос гадна хол ч гэсэн хүүхдэд хэрэгтэй гэж үзсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Жишээлбэл, музей, жүжиг эсвэл концерт үзэх гэх мэт. Оройн цагаар мөн хагас бүтэн сайнд цэцэрлэгийн өрөөнүүдийг гадны хүмүүс мөн янз бүрийн бүлэг, хамтлагууд ашиглана. Ийнхүү цэцэрлэг нь тухайн орчны хүмүүсийн уулзаж, хамтран ажилладаг нээлттэй байр хэлбэрээр ашиглагддаг.

Оролцоо

Энэ нь хүүхдэд насандаа зохицсон шийдвэр гаргах, өөрөө ажил үйл гүйцэтгэх, мөн хариуцлага хүлээх орон зай олгоно гэсэн үг. Оролцоо нь хоёр түвшинг дамжин хөгжинө: Эхний түвшин нь өдөр тутмын үйл ажиллагааны явцад, дараагийнх нь хүүхдүүдийн ярилцлага (Kinderkonferenz) мэтийн тодорхой хэлбэрийн үйл ажиллагааны явцад.

Зорилго нь хамтын оролцоо аль болох их

байх баталгааг хангахад оршино.

Хүүхдийн хамтын оролцоо аль болох их байх баталгааг хангахыг тулд өрөө тасалгаанааны зохион байгуулалтаас эхлэн бүхий л төлөвлөлтийг хийнэ. Хүүхдүүдийн ярилцлага дээр хүүхдүүд өөрийнхөө хүслийг илэрхийлнэ. Тэд ярилцлагыг өөрсдөө удирдана (чадварынхаа хэрээр) бас ярилцлага хийх санаачилга гаргана. Мөн байгууллагын дотоод журмыг шууд гаргачихгүй, харин хүүхдүүдтэй ярилцаж санааг нь тусгана. Ийнхүү хүүхдийн оролцоог “сургалтын түлхүүр” болгон ашиглана. Энд хүмүүжүүлэгч багш хүүхдийн өөрөө суралцах үйл явцыг өдөөнө, дэмжиж өгнө. Асуудал дэвшүүлж, хүүхдийн сэтгэж бодох үүд хаалгыг нээнэ, гаргасан санаанууд дээр нь тулгуурлан асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асууна, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран боловсруулна. Үүнийг л оролцоо гэнэ. Үүнд хамгийн чухал нь юу вэ гэвэл хүмүүжүүлэгч багш хүүхдэд хамтран ажиллагчийн байр сууринаас хандаж, тэдний санал, санаачилгыг овсгоотой хүлээн авч харилцахыг хичээх, томчууд тухайн үйл ажиллагаанд оролцох, хүүхэдтэй ардчилсан байдлаар харилцахдаа үнэн сэтгэлээсээ хандаж  байгаа нь байнга мэдрэгдэж байх явдал юм.

Хамтаараа байх хандлага

Байгууллага нь хот, дүүрэгтээ хамтран ажиллаж болох бүхий л боломжийг ашиглана. Үүнд нийтийн номын сан, спортын холбоод, хөгжмийн сургууль эсвэл сүм хийд гэх мэт ямар ч байгууллага байж болно. Хотын тухайн нутаг дэвсгэрт хүүхэдтэй холбоотой ажил эрхэлдэг бүх байгууллагаас зохион байгуулдаг ажлаас цэцэрлэг хоцорч үлдэхгүй байна. Ингэснээр хүүхэд, тэдний гэр бүлийн амьдралын салаа мөчир бүрийг хооронд нь илүү сайн холбох боломж бүрдэнэ.

Өрөөний зохион байгуулалт

Тэд өрөө талсалгаа нь хүүхдийн амьдрах, туршлага хуримтлуулах орон зай байна гэж үздэг.  Аль ч өнцөг булан нь тодорхой харагдаж байдаг ангийн өрөө бус харин бие биесээс тусгаарлагдсан, янз бүрийн хэсгүүд, мөн тодорхой харагдаж мэдэгдэхгүй тоглоомын булан зэрэг нь нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалаар ажилладаг цэцэрлэгийн өрөө тасалгаа. Анги бүрд төрөл бүрийн материал, янз бүрийн үйл ажиллагаа явагддаг талбарууд, дээр доор харилцан адилгүй түвшинд орших тоглоомын булангууд, аливааг дахиж хийх боломжтой хэсэг, нийтээрээ цугларах хэсэг байх ба өрөөний зохион байгуулалт ямар байхад хүүхдүүд илүү оролцдог, мөн хүүхдийн эрэлт хэрэгцээ ямар байгааг харгалзан багш өрөө тасалгааныхаа зохион байгуулалтыг өөрчлөхөд бэлэн байна.

Интеграцчилсан сургалт

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэгийн хүүхэдтэй ойролцоо байдлаар байлгаж, хөгжүүлэх тохиолдолд тэднийг тусгай цэцэрлэгээр явуулах нь утгагүй. Өдөр тутмын хамтын амьдралын явцад хүүхэд мэдээж аль нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцаж сурна. Ийнхүү жирийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт сургаж хүмүүжүүлэх нь аль алинд нь ач тустай.

Олон соёл бүхий сургалт

Үнэт зүйлсийн талаарх төсөөлөл нь харилцан адилгүй мөн амьдралын янз бүрийн нөхцөл байдалтай хүүхэдтэй хамт байх тохиолдол хүүхдийн амьдралд бишгүй тохиолддог. Нийгмийн ийм олон талын соёл бүхий нөхцөл байдалд зохицон харилцаж сурах, түүнчлэн  ийм  нөхцөл байдалд бас аятай боломж байдаг гэдгийг мэдэх, учрыг нь сайн ойлгохгүй ч өөр өөр зан заншил байдаг гэдгийг хүүхэд хүлээн зөвшөөрөхөд суралцахыг энэхүү сургалтад хамруулан ойлгоно. Тэгэхээр олон соёл бүхий сургалт нь ялгавартай байдлуудыг арилган ижилсүүлэх биш харин хүүхдэд амьдралын янз бүрийн бололцоо нөхцөлд асуудлаа шийдэж сурахад нөлөөлнө.

Хамтын ажиллагаа

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь зөвхөн тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй, бие биенийхээ санааг харилцан тусгасан хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ. Энэ нь хүмүүжүүлэгч багш зөвхөн өөрийн хариуцсан бүлэгтээ хариуцлага хүлээдгээс ангижрана гэсэн үг. Ингэж ажиллахад тухайн хамт олонд зарим дэмжлэг туслалцаа хэрэг болдог. Жишээлбэл, мэргэжлийн зөвлөх тэдэнд ямар дэмжлэг туслалцаа шаардлагатай байгааг тогтмол асуух, зөвлөх, тэд хүүхдээс ирж буй сигналыг хэрхэн авах талаар нэмэлт зөвлөгөө авах гэх мэт. 

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал ньэрчимтэй хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ.

 Дээрх шалгууруудаар цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа чиглэгдэж зохицуулагдана.  Ялангуяа ажлын төлөвлөлт нь ямар байдлаар хийгдсэн байна вэ гэдгээс тухайн байгууллага нөхцөл байдалд тулгуурлан ажиллахыг үндсэн үзэл баримтлалаа болгож сонгосон байна уу гэдэг нь харагдана. Нээлттэй төлөвлөлт бол хүүхдийн амьдралын байгаа байдлыг илүү тэдэнд нийцтэйгээр авч үзэх, бүх хүн хамтын шийдвэр гаргахад оролцох, хүүхдийн өөрийнх нь нээх-судлах хүсэл тэмүүллийг хангах боломжтой байдаг. Нээлттэй төлөвлөгөө бол урьдчилаад бэлэн болгочихсон хатуу тогтсон зүйл биш. Хүмүүжүүлэгч багш ганцаараа л бодоод, шийдээд, бэлтгээд байдаггүй, ангид явагдах аливаа ажлыг зохион байгуулахдаа хүүхдийн санаа, төсөөлөл, чадварыг ашиглана. Ийм нээлттэй төлөвлөлттэй байхад асуудлыг шийдвэрлэхэд хүмүүжүүлэгч багш хүүхдүүдэд, тэдний чадварт итгэл өгдөг учир тэдний хоорондын харилцаанд багшийн эрх мэдэл хязгаарлагдмал байна. Ингэснээр хүүхэд ба хүмүүжүүлэгч багшид аль алинд нь ашигтай байх тийм шинэ суралцах арга замууд нээгдэж бий болно.

 

Ажиллах арга барил

 

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллахад төлөвлөлтийн дөрвөн алхам хийгддэг. Үүнд:

1.    Тодорхой үйл явцыг сонгох ба тухайн үйл явцад анализ хийх

2.    Зорилгоо сонгож тогтоох

3.    Арга зүйн боловсруулалт

4.    Үнэлгээ дүгнэлт

1.    Тодорхой үйл явцыг сонгох ба тухайн үйл явцад анализ хийх

Хүмүүжүүлэгч багшийн яриа: “Цэцэрлэгийн хичээлийн жил тайван бус, шуугиан дунд эхэлдэг. Ялангуяа 3 настнууд тоглохгүй мөртлөө янз бүрийн тоглоом наадгай барьж авч тавиад л. Тэд олон янзын цочрол хүлээж авч байгаа болохоор нэг зүйл дээр тогтож чаддаггүй юм шиг байгаа юм. Хэдийгээр бид бүх зүйлээ байр байранд нь эмх цэгцтэй байлгахыг эрмэлздэг ч үд хүрэхэд мөн орой тарахад бүх зүйл сүйдсэн ертөнц шиг л болчихсон байдаг” (Holzschuh/Markgraf). Энэ жишээ болон үүнтэй төстэй ажиглалтаар хүмүүжүүлэгч багш хүүхдийн өнөөгийн болон ирээдүйн амьдралын түлхүүр үйл явцыг олж харж, сонгодог. Олон үйл явдлаас энэ нь л “түлхүүр үйл явц” байна даа гэдгийг яаж мэдэж, сонгох вэ? Үүнийг дараах тов тодорхой үзүүлэлтүүдээр хянан үзнэ: 

  • Ажиглалтаас үзэхэд хүүхэд тухайн үйл явцад чадварлагаар оролцдог болоход цаашид тэдэнд дэмжлэг шаардлагатай байна уу?
  • Энэхүү үйл явц нь хүүхдийн амьдралтай хэр зэрэг холбоотой байна вэ? Энэ нь хүүхдийн хөгжилд ач холбогдолтой юу?
  • Энэ үйл явц хэчнээн хүүхдэд ач тусаа өгөх вэ?
  • Энэ үйл явцад хүүхдийн ямар эрэлт хэрэгцээ, сонирхол, шийдэх асуудал агуулагдаж (таамагласнаар) байна вэ?
  • Үүнээс сургалтын ямар агуулгыг ургуулан гаргаж болох вэ?

Энэ үзүүлэлтийн дагуу дээрх жишээнээс дараах зүйлсийг гаргаж ирж болох юм:

Есөн хүүхэд цэцэрлэгт ямар дүрэм баримтлах ёстойг мэдэхгүй байна. Хүүхэд бол цаашид амьдралдаа шинэ өрөө тасалгаанд орох, шинэ дүрэм журам мөрдөх болох, шинэ хүмүүстэй тааралдах үйл явцтай байнга л тулгарч байх болно. Хүүхэд үлгэр загвар дээр суралцдаг учир энэ анхны үйл явцыг зөв зохион байгуулах шаардлагатай. Иймээс энэ үйл явцыг сонгон үүн дээр ажиллах нь маш ач холбогдолтой. Тэдний эрэлт хэрэгцээ бол хүмүүжүүлэгч багшийн анхаарал халамж, хамгаалалтад байгаагаа мэдрэх, ангид байгаа тоглоом наадгайнуудын талаар баримжаа авах, аль болох олон тоглоомтой харьцахад оршино.

Хүүхэд хамтын амьдралын дүрэм журмийг мэдэх, баримталж сурах, ингэхийн тулд тодорхой дэг журам байдгийг мэдэх, хүүхэд ба томчууд эмх цэгцэд хэрхэн ханддаг, магадгүй цэцэрлэг дэх дэг журам гэртээ байдгаас арай өөр гэдгийг мэдэх зэрэг нь сургалтын чухал агуулга юм. Ийнхүү хүүхдийн цаашдын амьдралд ач холбогдолтой түлхүүр үйл явцыг олж сонгоно. 

Хүүхдийн чадавх байнга өргөжиж байх ёстой.

 

Үүний дараа хүмүүжүүлэгч багш нар хамтаараа янз бүрийн асуулт дэвшүүлэн тавьж, санаагаа солилцож хэлэлцэнэ: “Хүүхэд гэртээ юмаа эмхэлж хураадаггүй, түүнийг нь өөр хүн өмнөөс нь хийдэг болохоор түүндээ дасчихаж. Иймд тэрээр эхэн үедээ цэцэрлэгт эмх цэгц тогтоохыг өөртөө хамааралтай гэж ойлгохгүй. Энэ бол томчуудын ажил гэж үзнэ. Тэгэхээр хүмүүжүүлэгч багш эхлээд хүүхдүүдэд “эмхэлж хураах” гэсэн ойлголтыг өгнө. Тэд өрөө тасалгаандаа юмаа яаж хурааж эмхэлж цэгцлэх талаар төсөөлөлгүй бол яах вэ? гэсэн асуулт бас гарна. Эмх цэгцгүй байдал гэж юу болохыг тодорхой харуулахгүйгээр яриад шаардах юм бол ялангуяа балчир насныхан ойлгохгүй, амархан дарамтад орно” гэх мэт.

Үйл явцад анализ хийнэ гэдэг нь өмнө нь тулгарч байсан ийм үйл явц аль хүүхэд дээр ажиглагдсан, энэ үйл явцад хүүхэд бүрт ямар ялгаа илэрч харагдаж байгаа, тухайн үйл явцад хүүхэд хэрхэн хандаж, ямар хариу үйлдэл үзүүлж байгаа зэргийг тодруулахад оршино.

2.    Зорилгоо сонгож тогтоох

Тухайн үйл явцад хийсэн анализаас урган гарч ирэх үндсэн зорилго нь Бие даасан байдал, Эв нэгдэл, Чадвар гэсэн гурван зүйлийг заавал хамарна. Дараах байдлаар хүмүүжүүлэгч багш зорилгоо тодорхойлно:

  • Хүүхэд эхний долоо хоногтоо тоглоомын булангуудыг мэддэг болсон байх (чадвар)
  • Ахлах насны хүүхдүүд багачуулдаа эмх цэгцтэй холбогдох өөрсдийн чадвараа дамжуулан эзэмшүүлэх (эв нэгдэл)
  • Хүүхдүүд хамтын ярилцлагаараа баримталж буй дүрэм журам хэрхэн хэрэгжиж байгааг хянан үзэх, тогтох (бие даасан байдал/чадвар)
  • Шинээр элссэн хүүхдүүд “хүмүүжүүлэгч багш бол намайг ганцааранг минь орхихгүй, намайг мэдэж байгаа” гэсэн мэдрэмж авах (эв нэгдэл)
  • Хүмүүжүүлэгч багш хүүхдүүдийн чөлөөт тоглоомын явцад ялангуяа том, жижиг хүүхдүүд хамтран тоглож байгаа хэсэгт илүү анхаарч, санаа өгч, тэдэнтэй хамтран тоглох (эв нэгдэл)

 

Зорилго нь явцын дунд өөрчлөгдөж, нөхөгдөнө.

3.    Арга зүйн боловсруулалт

Арга зүйн боловсруулалт нь хүүхэд дараа нь тухайн үйл явцтай төстэй нөхцөлд байдал тохиолдоход түүнийг бие даан шийдвэрлэх чадвартай болоход чиглэнэ. “Хүмүүжүүлэгч багш  хоёр янзаар нөлөө үзүүлнэ. Нэгд нь ангид байгаа бүх материалаа хүүхдэд тодорхой харагдахуйцаар байршуулж, тэдэнд нэг тоглоомоор аль болох удаан тоглох боломж олгоно. Хоёрдугаарт ангийнхаа бүх хүүхэдтэй хамт сууж, тухайн асуудлаар ярилцана. Энэ явцад хүмүүжүүлэгч багш ахлах насны хүүхдүүд нь асуудалд нэлээд ухамсартайгаар хандаж, эмх цэгцийг бүгдийн эрх ашгийн үүднээс сайжруулах шаардлагатай гэж үзэж байгааг тодотгоно.

Жишээлбэл, ангид мөрддөг дүрэм журам хэрхэн хэрэгжиж байгааг хянахдаа: Томчууд нь аль нэг тоглоомын буланг хариуцна. Жессика, Тиана нар “Айл гэр” буланг хариуцан эмхэлж цэгцэлнэ. Шинэ хүүхдүүд бол үүнийг сайн чадахгүй. Хариуцлага хүлээсэн 2 охин хэн хэн тэнд тоглосон, тэнд ямар эмх цэгц тогтоох ёстой зэргийг тайлбарлан ярина. Саша бол өөрсдийнхөө бэлтгэсэн баримлын шаврыг хатахаас сэргийлж, орой тарж харихаасаа өмнө баримлын шавар хийсэн сав сайн таглагдсан эхсэхийг шалгана”.  Мэдээж үүнээс өөр арга барилыг багш хэрэглэж болно. Хамгийн гол нь хүүхдүүд өөрийнхөө чадвар, боломжийг ашиглан тухайн үйл явцад оролцоход оршино.

4.    Үнэлгээ дүгнэлт

Байнга өөрийн ажилдаа шүүмжлэлтэй хандаж, эрэгцүүлэн бодож байх нь цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтөд тустай. Магадгүй зорилго, арга барилаа өөрчлөх тохиолдол ч гарч мэднэ. Хэрэв тухайн сонгосон асуудлаа шийдвэрлэсэн бол хүмүүжүүлэгч багш нар хамтаараа дараагийн шинэ үйл явцыг бодож боловсруулна. Үнэлгээ дүгнэлт хийх явцад хамт олны санаануудыг тэмдэглэж авна, энэ нь үүсгэн байгуулагч, эцэг эх зэрэг цэцэрлэгийн гадна оршиж буй хүмүүст байгууллагын үйл ажиллагаа ил тод харуулахад хэрэг болно. Бичиж тэмдэглэсэн зүйлс нь хожим ажиглалт явуулах үед эргэн харах боломж олгодгоороо мөн ашигтай.

 

Нээлттэй үйл ажиллагаа

 

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах ба “Нээлттэй үйл ажиллагаа” үзэл баримтлал нь дор дурдсан олон зүйлсээр хоорондоо холбогддог. “Нээлттэй үйл ажиллагаа” үзэл баримтлалаар ажиллахад тухайн байгууллагын үндсэн нөхцөл, хүүхдийн эрэлт хэрэгцээ болон хүмүүжүүлэгч багшийн чадавхыг мөн анхааран үздэг. “Нээлттэй” гэдэг нь угтаа нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын үндсэн ухагдахуун. Нээлттэй үйл ажиллагаатай цэцэрлэг нь дотроо нээлттэй байж түүнийгээ цааш нь улам өргөжүүлж хөгжүүлдэг. Энэ нь 3 “үе шат”-тай. 

Ангийнхаа үүдийг нээх

Үүнд байгууллагынхаа хонгил, үүдний дотор талын талбай, ариун цэврийн өрөө гэх мэт зарим өрөө тасалгааг тоглоомын талбай болгон ашиглана.       

Ангиа нээх

Хүүхдүүд ангиа солино, бие биесийнхээ ангид харилцан орж үзнэ, зарим өдөр өөр ангийн хүүхдүүдтэй байна. Төсөлт ажил болон үйл ажиллагаануудад хүүхэд зөвхөн ангийнхантайгаа бус цэцэрлэгийнхээ бусад хүүхдүүдтэй хамтран оролцоно, анги дотроо бол өөрсдөө групп үүсгэн ажиллана. 

“Нээлттэй цэцэрлэг”

Бүлгийн өрөөнд байдаг айл гэр, барьж байгуулах тоглоом, амралтын гэх мэт булангууд нь хөдөлгөөн, том талбай (өрөөгөөр дүүрэн)-д барьж байгуулах, урлангийн, зураг зурах, урлан бүтээх, компьютерын тоглоом, уншлага, туршилтийн зэрэг бүхэл бүтэн өрөө тасалгаагаар солигдоно. Өдөр тутам явагддаг үйл ажиллагаа, төсөлт ажлуудад хүүхдүүд ихэвчлэн өөрийнхөө сонирхлоор өөр ангийн хүүхдүүдтэй оролцоно. Өөрийн харьяалагддаг анги нь ярилцлага хийх, төрсөн өдөр тэмдэглэх зэрэгт хэрэглэгдэнэ.

 Ийм байдлаар ажиллахад хүүхдийн суралцах, туршлага хуримтлуулах боломж мэдэгдэхүйц нэмэгддэг. Нээлттэй ажиллах явцад хүүхэд цагаа хуваарилах, бусадтай тохиролцох, ажигласнаа дүгнэж ярилцах, хийх зүйлээ төлөвлөх зэрэгт ихээхэн чөлөөт байдлыг эдлэх бөгөөд энэ нь тухайн групп дэх хүүхдүүдийн хамтран ажиллах, тоглох идэвхийг ихээр өрнүүлдэг. Бүх үйл ажиллагаа ангидаа л явагддаг уламжлалаас татгалзаж, ангийнхаа үүдийг нээсэн нь ямар үр дүнд хүрсэнд анализ хийхэд дараах үндсэн дүгнэлтэд хүрч байгаа юм:  Цэцэрлэгт хүүхэд өөрийн үйл ажиллагаандаа аль болох их чөлөөт байдлыг эдлэх шаардлагатай. Яагаад гэвэл нэгдүгээрт цэцэрлэгээс гадна орчинд хүүхдэд тийм боломж олддоггүй, нөгөөтэйгүүр амьдралынх нь нөхцөл боломжоос шалтгаалан тэдний хөгжлийн эрэлт хэрэгцээ эрс ялгаатай байдаг бөгөөд хүмүүжүүлэгч багш хүүхдүүдийг дандаа тогтсон нэг ангид нь байлгаснаар тэрхүү ялгааг зохистойгоор арилгаж бараг чаддаггүй.

Цаашид  нээлттэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүүхэд нэг группд хэчнээн хүүхэдтэй хамт байвал хамгийн сайн суралцах боломжтой вэ гэсэн асуулт юм. Арга зүйн энэхүү чухал асуудлыг нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал мөн харгалзсан байдаг. Хүүхэд цөөн хүүхэдтэй жижиг групп дотор байхад хамгаалагдсан байдал, хамт олонд харьяалаг

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (0) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. zulaa :
    2016-02-28 17:27

    Saihan heretei medeelel baina. Bayarlalaa.

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл